Ерөнхий боловсролын сургуулиудад ЖАЙКА олон улсын байгууллага, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийг 2021 оны аравдугаар сараас эхлүүлжээ. Энэ төсөл 2025 оны есдүгээр сарыг хүртэл Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай аймагт хэрэгжинэ.
Одоогоор загвар 6 сургуулийн 1-5 дугаар ангийн 3818 хүүхэд төсөлд хамрагдаж байна. Төслөөс хэрэгжүүлсэн “Хоол тэжээлийн судалгаа”-ны үр дүнд хүүхдүүдийн хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээс авах шим тэжээл дутмаг байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс сургуулийн үдийн хоолны цэсийг шинэчлэх, хоол зүйчийн ур чадвар, хүнсний хангамж зэрэг олон хүчин зүйлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн.
Монгол, Японы доктор, профессорууд, ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүд болон төрийн байгууллагууд хамтран 2022 оны 9 сар, 2023 оны 2 сард бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдлыг судалжээ. Судалгаанд Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 240 хүүхэд хамрагдсан. Судалгааны зарим үр дүнгээс танилцуулбал:
- 2022 оны судалгаанд хамрагдсан сурагчдын 58.6 хувь нь өглөөний цайгаа тогтмол уудаг. Харин эрэгтэй сурагчдын 8.7 хувь, эмэгтэй сурагчдын 5.6 хувь нь өглөөний цайгаа огт уудаггүй.
- Сурагчдын 46.2 хувь нь жимс, ногоог өдөр бүр хэрэглэж чаддаггүй (энэ үзүүлэлт хотод 38.8 хувь, хөдөөд 49.4-50.6 хувь)
- Хүнсний ногоог сурагчдын 47.4 хувь нь өдөр бүр хэрэглэж чаддаггүй, 33.5 хувь нь өдөрт нэг төрлийн ногоо хэрэглэдэг, 15.5 хувь нь хоёр төрлийн ногоо хэрэглэдэг, 3.6 хувь нь гурваас дээш нэр төрлийн ногоо хэрэглэдэг
- Лууван, шар хулуу, амтат төмс, шар манжин зэрэг “А” аминдэмээр баялаг ногоог судалгаанд оролцогчдын 19.5 хувь нь өдөр бүр хэрэглэж байна
- Улаан лооль, хүрэн манжин, чинжүү зэргийг 56.2 хувь нь огт хэрэглээгүй, 31 хувь нь долоо хоногт 2-3 удаа хэрэглэдэг.
- Брокли, бууцай, салат навч, яншуй, юуцай зэрэг ногоог 61 хувь нь хэрэглэдэггүй, 29.9 хувь нь долоо хоногт 2-3 өдөр хэрэглэдэг.
- Бусад ногоо буюу байцаа, сонгино, саримс зэргийн хэрэглээ бусад ногооноос харьцангуй их. Энэ төрлийн ногоог 49 хувь нь өдөр бүр хэрэглэдэг, 4 хувь нь огт хэрэглэдэггүй.
- Сүү цагаан идээний хэрэглээ орон нутагт илүү бөгөөд судалгаанд оролцогчдын 36.3 хувь нь өдөр бүр, 26.7 хувь нь долоо хоногт 4-5 өдөр, 30 хувь нь 2-3 хоногт хэрэглэдэг. Өдөр бүр сүү, цагаан идээ хэрэглэх дадал охидод илүү.
- Шимт бодис багатай чихэрлэг хүнс, ундаа, түргэн хоолны хэрэглээг тодруулахад гурван сурагч тутмын 2 нь долоо хоногт хоёроос олон өдөр эрүүл бус хүнс хэрэглэдэг. Чихэрлэг хүнсний хэрэглээ 74 хувь, үүнээс өдөр бүр хэрэглэдэг 8 хувь байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь долоо хоногт 2-3 удаа чихэрлэг хүнс хэрэглэх дадалтай байна.
- Их тосонд шарсан хүнс буюу боорцог, хуушуур, пирожки, шарсан тахиа, шарсан төмс зэрийг судалгаанд оролцогчдын 9.6 хувь нь өдөр бүр хэрэглэдэг. Сурагчдын 43 хувь долоо хоногт 2-3 өдөр хэрэглэсэн, 37.8 хувь нь огт хэрэглээгүй байна.
- Судалгаанд хамрагдсан сурагчдын 75.3 хувь нь үдийн хоолондоо дуртай, 23.1 хувь нь зарим үед (идэх дургүй хүнс, хоол байдаг), 1.6 хувь нь дургүй гэж хариулжээ. Дургүй хүүхдийн 43.9 хувь нь дургүй хүнс, 7.6 хувь нь хоол амтгүй, 45.5 хувь нь дургүй хоол байдгаас гэсэн байна.
Дээрх судалгааны үр дүнгээр сурагчид олон нэр төрлийн хүнс хэрэглэж байгаа хэдий ч хэмжээ нь хангалтгүй. Тухайлбал сүү, ногоо, жимсний хэрэглээ зохих түвшинд хүрэхгүй. Сурагчдын ногооны хэрэглээ хэрэглэвэл зохих түвшингээс 3 дахин бага байна гэж дүгнэжээ.
Иймд ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөрөөр олгож буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, ялангуяа жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээг нэмэх, үдийн хоолыг чанаржуулах, дутагдаж буй илчлэг, шимт бодисыг нөхөхөд анхаарах шаардлагатайг судалгаанд онцолсон байна.
ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн зөвлөх, Японы Нигата мужийн их сургуулийн эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнхимийн профессор, доктор Нобуко Мураяма “Бидний судалгаагаар монгол сурагчдын дунд ногооны хэрэглээ бага байна гэдэг үр дүн гарсан.
Мөн монголчууд сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг байх гэж бодсон ч эсрэгээрээ хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өдөр тутмын сүүний хэрэглээ бага, Д витамины дутагдал зэргээс шалтгаалаад хүүхдүүдийн дунд ясны сийрэгжилтийн асуудлууд байна.
Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудын тогооч, хоолзүйч нарт шим тэжээлийн тэнцвэртэй, илчлэгтэй хоол, хүнс бэлтгэхэд нь зориулж “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номыг гаргасан.
Энэ номд шинээр өнгөний системийг оруулж өгснөөрөө онцлогтой. Шим тэжээлийн тэнцвэртэй хоолыг өнгөний систем ашиглан бэлтгэх боломжийг бий болгохыг зорьсон. Энэ нь хүнсний шим тэжээлийг өнгөөр ялгаж, нэг удаа хэрэглэх хэмжээг илэрхийлэх шийдэл юм. Жишээ нь:
- Улаан өнгө: Мах, махан бүтээгдэхүүн, өндөг
- Шар өнгө: Үр тариа болон төмс
- Ногоон өнгө: Бүх төрлийн ногоо
- Цэнхэр өнгө: Сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээлийг илтгэнэ.
Өөрөөр хэлбэл, сурагчдын хэрэглэх хоол, хүнсний мэдээлэлд дээрх дөрвөн өнгө хамт багтсан байвал шим тэжээлтэй хооллож байна гэж ойлгож болно. Хоолзүйч, хүүхдүүд, эцэг эх, багш гээд бүгд энэ өнгөний тэмдэглэгээг хараад илчлэгийг мэдэж болох давуу талтай.
Японд энэ дөрвөн өнгөний дагуу хоол бэлтгэдэг. Жишээ нь, будааг шар өнгөөр, загасыг улаан, бууцай, лууван, сонгино зэргийг ногоон, сүүг цэнхэр өнгөөр тэмдэглэнэ. Мөн Японд ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд бүх хүүхдэд өдөр бүр сүү өгдөг. Хичээлийн үеэр хоолны шим тэжээлийн боловсрол олгохыг зорьж хийжүүлсэн ундаа зэрэг шим тэжээлгүй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх талаар зааж, зөвлөдөг. Мөн эцэг, эхчүүд ч энэ талын мэдлэг өндөртэй тул Японд хийжүүлсэн ундааны хэрэглээ бага” гэв.
“Шим тэжээлийн тэнцвэртэй цэс” номд ногоон ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү ашиглаж бэлтгэх 99 хоолны жорыг багтаажээ. Энэ цэсийг ашиглан ерөнхий боловсролын сургуулиудын хоол зүйч, тогооч нар шим тэжээлийн тэнцвэртэй хоол бэлтгэх боломжтой юм байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулиудад энэ цэсийн номыг хүргүүлжээ. Энэхүү шинэчилсэн цэсийн номын нээлт өнөөдөр (2024.08.20) боллоо.
БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал "Үдийн хоол” хөтөлбөрийн дагуу сурагчдад өгч буй хоолны шим тэжээл ямар байна вэ гэдэг асуудал бий. Чанарыг сайжруулах ч шаардлагатай байгаа.
Батлагдсан төсвөөр бол нэг хүүхдэд 1500 төгрөгийн үнэтэй хоол өгч байна. Энэ мөнгө хүүхдэд бүрэн хэмжээний илчлэг, шим тэжээлтэй хоол өгөхөд хүрдэггүй. Мөнгийг нэмэхээр ярьж байгаа. Гэхдээ байгаа төсвөө үр ашигтай зарцуулахын тулд олон улсын байгууллагуудаас аргазүйн дэмжлэг авч байна.
Жишээ нь “Шим тэжээлийн тэнцвэртэй цэс”-ийг судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн аминдэм, уураг, эрдэс бодисын дутагдлыг нөхөх боломжтой хоолны жоруудыг боловсруулсан гэсэн үг. Энэ цэсээр хүний нөөцөө сургаж, хоол бэлтгэж эхэлсэн. Тэд 1500 төгрөгөөр аминдэмтэй, шим тэжээлтэй ямар хоол хийх боломжтой вэ гэдэгт суралцсан” гэлээ.
Хүнс хоолонд агуулагдах шим тэжээлийн бодисыг уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис, ус гэсэн зургаан үндсэн бүлэгт ангилдаг. Хүнс бүр шим тэжээлийг тодорхой хэмжээгээр агуулах бөгөөд зарим шимт бодисыг агуулахгүй байх нь ч бий.
Чанартай хооллоно гэдэг нь тухайн хоолны шимт бодисын агууламжтай шууд хамааралтай. Хоногт зайлшгүй авах шимт бодисын зөвлөмж хэмжээг хангах 4-5 бүлгийн хүнсний орц бүхий хоолыг тэнцвэртэй хооллолт гэж ойлгож болох аж.
"Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-өөр орон нутгийн хүнс үйлдвэрлэлийг дэмжсэн шим тэжээлийн тэнцвэрт цэсийг боловсруулж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдад энгийн арга зүйгээр эрүүл зөв хооллолтын мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьж буй юм байна.
Тухайлбал, сургуулийн "Үдийн хоол"-нд "өнгөний систем"-ийг шинээр нэвтрүүлснээр үдийн хоолноос авах шим тэжээлийн хэмжээг хүүхдийн хамгийн эхний харах мэдрэхүйгээр тогтоон таниулж, улмаар тэнцвэртэй хооллох мэдлэг, чадварыг олгох ач холбогдолтой гэж үзжээ.