Монгол Германы дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2Day in Mongolia” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит музейд 2024 оны наймдугаар сарын 14 – 28-ны хооронд олон нийтэд дэлгэжээ.
Энэ жил Монгол улс Холбооны Бүгд Найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа болон Оберфранкер Стифтугийн дэмжлэгтэйгээр уг үзэсгэлэнг зохион байгуулжээ.
Үзэсгэлэнг “2Day in Mongolia” хэмээн нэрийдсэн нь алдарт В.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс сэдэвчилсэн ажээ.
Энэ удаагийн үзэсгэлэн нь Германд зохион байгуулсан “Орчин цагийн нүүдэлчдийн жим” өдөрлөг болон Булган аймагт болсон “Нуур арт кемп” өдөрлөгөөс үндэслэн гарчээ. Өөрөөр хэлбэл, хоёр орны 15 уран бүтээлчид бие биеийнхээ орны соёлтой танилцаж, туршлага солилцсоны дараа бүтээсэн бүтээлүүд гэдгээрээ онцлог юм.
Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа:
-"Монгол, Герман улс 1974 онд анх дипломат харилцаа тогтоож байсан. Түүхт 50 жилийн ойн хүрээнд салбар бүрд маш олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү үзэсгэлэн юм.
Манай музейд хоёр орныг дипломат харилцаа тогтоохоос ч өмнө Германтай харилцаа холбоотой байсан архивын бичиг баримтууд байдаг. Тухайлбал, социалист системтэй орнуудын дунд “Соёлоор харилцах хэлэлцээр" гэж арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд 1971 оны тавдугаар сард Германд Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргаж байжээ" гэж онцолсон юм.
Та энэхүү үзэсгэлэнгээс баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдогдогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү, Батжаргалын Баатарзориг нарын бүтээлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна, эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөгч болох Эрдэнэбилэгийн Энхзаяа, Хайке Барановский нарын бүтээлийг үзэж, “ертөнц хоорондын олон төрлийн мессенжэр” гэх өвөрмөц үзэгдлийг тольдох боломжтой.
Б.Маралмаа