“Тэтгэвэртээ гарахаараа яг ингэж амьдарна аа. Тахиа тэжээнэ, хашаа дүүрэн мод тарина. Давжаа, торниун алим тариад, хашаанаасаа түүж иднэ. Хөгшинтэйгөө хоёулаа өглөө, оройдоо зөөлөн нөмрөг эгэлдрэглээд, байшингийнхаа үүдний сандал дээр суугаад энүүхэн тэрүүхнийг ярилцана, яг энэ хоёр шиг.
Зочин ирвэл таваг дүүрэн алимаар идээ засаад “ид, ид” гэж дайлаад, илүүг нь аваад яв гэж ууталж өгнө. Тийм ээ, ирэх он жилүүдэд ингэж л амьдрах юм шүү”, яг л энэ хоёр шиг. Тэднийхээс гараад ийм бодолд ээрэгдэж, хүний сайхан сэтгэл, хөдөлмөрч зан чанараар бахдаж явлаа, гартаа уут дүүрэн алим тэвэрчихсэн...
Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн С.Чинбатын хашаа
Дархан-Уул аймгийн 1-р баг, Тосгонд С.Чинбат, Ш.Оюунсүрэн нар амьдарна. Нэг нь гагнуурчин, нөгөө нь бага ангийн багш мэргэжилтэй. Хоёр хүүтэй ч тэд нь гадаадад гэр бүлээрээ амьдарч буй. Тэтгэврийн хоёр л “ардчилалтай чацуу” байшиндаа аж төрнө. Тэдний хашаа яг л ойн төгөл шиг, нов ногоон.
Ш.Оюунсүрэн гуай эхлээд хүлэмжид нарийн ногоо тарив. “Алим тарина даа” гэж хорхойсож, зорьж судалсаар 2016 онд “Эрхэт” жимсний аж ахуйгаас давжаа алимны мод авчээ. Модоо оройхон очиж авчраад хөгшинтэйгөө хоёул шөнийн 02:00 цаг болтол суулгаж. Энэ өдрөөс хойш алимны модоо нялх хүүхэд шиг арчилж, намар бордож, өвөл хучиж, хавар цэцэглэх цагаар нь шороо, салхинаас нөмөрлөсөөр гурван жилийн дараа буюу 2019 онд анхны ургацаа авав. Нэг модноос 20-30 кг давжаа алим хураах боломжтой гэнэ.
Ургацдаа урамшиж, торниун буюу том алим тариалахаар шийдэж, судалж эхэлжээ. Ингээд 2019 онд хоёул явж том алимны мод авчирч хашаандаа тариад 2021 онд анхны ургацаа авав. Долоон ширхэг торниун алим ургасан байхыг өглөө бүр очиж хараад л, баярлаад л. Тэр 7 алим тэдэнд “Ургадаг юм байна, болдог юм байна” гэдэг урам бас итгэл өгчээ. Одоо тэдний хашаанд бэсрэг алимны 5, торниун алимны 5-6 мод байна. Энэ жил Сэлэнгэ явах замд Валя хэмээх буриад бусгүй Оросоос оруулж ирсэн алимны мод зарж байхтай таарч, тэсэлгүй хоёрыг авчээ. Хоёр жилийн дараагаас хашаанаасаа шүүслэг ногоон алим хураах төлөвлөгөөтэй.
Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн Ш.Оюунсүрэн
Алим тариалах эчнээ туршлагатай Ш.Оюунсүрэн гуай хашаандаа алим тариалах хүсэлтэй хүмүүст ингэж зөвлөж байна.
- Алим тарих гэж байгаа бол эхлээд нөмөрлөх мод тарих нь чухал. Учир нь хаврын хавсарга салхи, цочир хүйтэнд дааруулаад хяруу цохиулчихвал алимны мод ургахгүй. Тэгэхээр би нөмөрлөгд зориулж эхлээд газар голохгүй хурдан ургадаг хайлаас тарьсан. Мөн өндөр ургадаг монос тариад, эдгээр модны голд нь алимны модоо суулгасан.
- Газраа бордох хэрэгтэй. Би алимыг элсэрхэг хөрсөнд дуртай ургадаг юм байна гэж ойлгосон. Манай хашааны газар 20 см ухаад л хайрга гарчихдаг. Хайргыг ухаж гаргаж байгаад элс, бууц хийгээд л газраа бордож байгаад модоо тарьсан. Агротехник зөв байх чухал. Тарилтыг хэтэрхий дор гүн суулгавал үндэс нь халахгүй үхчихнэ.
- Мод хаа сайгүй л зарж байгаа. Гэхдээ ургах, ургахгүй мод бий. Болбол буух эзэнтэй, буцах хаягтай газраас очиж аваад, зөвлөгөө аваад, газар дээр нь очиж туршлагыг нь судлаад худалдаж авах хэрэгтэй.